Хүн амьдралдаа амжилттай бай үгүй нь гадаад болон дотоод өөрчлөлтөнд тохируулан нийцэж чадах чадвартай эсэхээс хамаардаг.
Самюэль Батлер

Мэдээ

2021 онд нүүрсний экспорт өмнө оноос 44.3 хувиар буурчээ

2022-01-16

-Уул уурхайн салбарын статистик мэдээлэл-

Манай улс 2021 онд 21,302.9 мян.тн нүүрс олборлож, оны эхнээс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 15,941.7 мян.тн-ыг экспортолсон нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 44.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2021 оны эхнээс 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1,238.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь 2020 оны мөн үеэс 11 хувийн бууралттай, төмрийн хүдрийн баяжмалын тухайд, мөн хугацаанд 6,891.6 мян.тн-ыг экспортолсон нь 2020 оноос 15 хувиар буурчээ. Гэсэн хэдий ч зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байсан учир 2021 оны төлөвлөгөө 111 хувийн гүйцэтгэлтэй буюу давж биелсэн байна.

Манай улсын экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь коронавируст халдварын тархалтын улмаас БНХАУ хилээ хаасантай холбоотойг УУХҮЯ-наас мэдээлж буй.

Харин Төв банк 2021 оны эхнээс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 20.60 тн алт худалдан авсан нь 2020 оны мөн үеэс 12.5 хувийн бууралттай байгаа ч 2021 оны төсвийн тодотголоор баталсан төлөвлөгөөнд хүрч, гүйцэтгэл 103 хувийн биелэлттэй байна.  

2021 онд 4,666.5 мян.бар газрын тос олборлож, 4,090.4 мян.бар-ыг экспортолжээ.

Улсын хэмжээнд өнгөрөгч сарын 30-ны өдрийн байдлаар нийт 117,262 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 10,808 тн, АИ-92 автобензин 40,579 тн, ДТ 58,761 тн байна. Улсын хэмжээнд АИ-92 /95,98/ автобензиний 36 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 60,063 тн буюу 27 хоногийн нөөцтэй байна.     

 Эх сурвалж: УУХҮЯ