Оюун сэтгэл амар хялбар, амгалан тайван байдал хөгждөггүй. Гагцхүү оролдлого, тэсвэр тэвчээрийн үр дүнд л сэтгэлд хат сууж, алсын хараа цэлмэж, урам зориг бадарч, амжилт ирдэг юм.
Хелен Келлер

Мэдээ

Андрей Михнев: Үндэсний баялгийн сангийн хуулийн заалтууд ил тод менежменттэй авч явах механизмыг бүрдүүлсэн байх ёстой

2021-11-20

Монгол Улсын ДНБ жилд таван хувь өснө гэж үзвэл уул уурхайн салбарын ДНБ-д оруулах хувь нэмэр 2020 онд 19.7% байсан бол 2030 онд 32.7% болж өснө гэсэн таамаглалыг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг "CRU consulting" судалгааны компани гаргажээ.

Манай улсад Үндэсний баялгийн сан байгуулах хуулийн төсөл Засгийн газарт танилцуулагдаад буй билээ. 

Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны захиалга, Дэлхийн банкны санхүүжилтээр "CRU consulting" судалгааны компани Монгол Улсад хамгийн үр өгөөжтэй баялгийн санг хэрхэн оновчтой хөгжүүлэх асуудалд зөвлөгөө өгч ажиллаж буй.

Ийнхүү өнөөдөр Монгол Улсын Эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан болон Үндэсний баялгийн сан байгуулах тухай хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

"Монголын уул уурхайн салбар 2020-2030 онд хурдацтай өсөх төлөвтэй байна.2020-2030 онд үйлдвэрлэл нэмэгдэж, урт хугацаанд үнийн эерэг хүлээлттэй холбоотойгоор салбарын нийт орлого 5.3-12.5 тэрбум ам.доллар болж өснө" гэдгийг тус судалгааны компани тайландаа онцолжээ. 

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев 

"Баялгийн санг анх удаа байгуулж байгаа улс нь Монгол Улс биш. Маш олон улс орон өөрийн гэсэн баялгийн санг байгуулчихсан бөгөөд тэр хэмжээгээр арвин туршлагууд бий. Холбоотой мэдээллийг Дэлхийн банкны зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд өгч байгаа. Үндэсний баялгийн сан байгуулахад нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ нь сангийнхаа хамрах хүрээ, үндсэн зорилгыг маш тодорхой болгох явдал. Уул уурхайгаас авч буй өгөөжөө ард түмэнд аль болох наалдацтай, өгөөжтэй байхаар яаж зарцуулах вэ гэдэг нь нэгдүгээрт тавих зорилго байх ёстой. Зорилгоо хангах техникийн арга хэрэгсэл болон бусад нарийн асуудлыг янз бүрийн хэлбэрээр хийж болно. Дэлхийн банкны зүгээс техникийн туслалцаа үзүүлж болно. 

Уул уурхайгаас олсон ашгаа санд төвлөрүүлээд дараа нь хөрөнгө оруулалт хийдэг байх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг өгөөжийн дээд түвшинд байлгаснаар илүү арвижна. Зарим улс оронд хуулиараа дотоодод бус гадаадын улс орнуудын төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах боломжоор хангасан байхад зарим нь дотоодын хөгжлийг бий болгох үүднээс томоохон төслүүддээ зориулж байх жишээтэй.

Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн хуулийн заалтууд нь засаглалын асуудалд нарийн зохицуулалтыг оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мэргэжлийн түвшинд, илүү ил тод менежменттэй авч явах механизмыг хуулийн заалт нь бүрдүүлсэн байх ёстой" гэв.